Энэ асуулт мэдээж хүн бүрд л төрдөг байх. Заримдаа санаа олох, бодох сэтгэх үйлээ хиймэл оюуны тусламжтай хийгээд байхаар өөртөө нэг л эвгүй санагдаад, би ингээд юм бодож олж чадахаа больчихвол яана аа гэсэн гэмтэй мэдрэмж төрдөг юм. Тэгсэн MIT-ийн судалгаанд дурдсанаар аливаа эсээ, тэмдэглэл бичихдээ эхлээд ChatGPT-ээр бичүүлээд, дараа нь өөрөө засвал бичсэн зүйлээ санах магадлал тун бага байна гэжээ. Харин өөрөө нооргоо гаргаад, хиймэл оюунтай нийлээд засвал хамаагүй үр дүнтэй байгааг туршилтаар нотолсон аж.
Энэ мэт бодол, эргэлзээ бяцхан миний бодолд гэлтгүй судалгааны сэдэв болжээ. Сингапурын үндэсний их сургуулийн эрдэмтэн Шанъюан Ву “Journalism Practice” сэтгүүлд энэ тухай судалгааны үр дүнгээ нийтлүүлсэн байна. Судалгаа нь харьцангуй цөөн түүвэртэй боловч сонирхоод үзэхэд гэмгүй буюу хэвлэл, телевиз, онлайнд ажилладаг, дор хаяж 5 жилийн туршлагатай 14 сэтгүүлчийг хамруулж, хиймэл оюун тэдний ур чадварт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлжээ.
Алдах эрсдэлтэй ур чадварууд:
Мэдээлэл эрж хайх, судалгаа хийх
Сэтгүүлч аливаа мэдээллийг гурван эх сурвалжаар баталгаажуулна гэсэн редакцын дүрэм бий. Харин өнөө цагт хиймэл оюунаас асуумагц сэдэв, асуудлыг цогцоор нь бэлдэж өгч байгаа тул эх сурвалжийн баталгаажуулалтад хойргошиж байна гэжээ. Түүнчлэн сэдвийн талаар мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, зөвлөлддөг байсан нь ч үгүй болж, анхдагч эх сурвалжтай ажиллах, мэдээллийн мөрөөр цааш ухах, хэрэгтэй хүнээ олж ярилцах идэвх, санаачилга буурах эрсдэл байна.
Найруулан бичих
Сайн бичих чадвар байнгын дасгал, сахилга бат, туршлагаар хөгждөг. Хиймэл оюун хэдийгээр алдаагүй боловч тодорхой стандартад баригдсан, ерөнхий найруулгатай эх бичвэр гаргадаг. Энэ мэтчилэн нийтлэлээ засуулах, эхний хувилбараа бичүүлэх зэргээр ашиглаад байвал сэтгүүлчийн хэлний мэдрэмж, бичих хурд, өөрийн дуу хоолой сулрах нь дамжиггүй.
Тэмдэглэл хөтлөх
Хиймэл оюун аудио тэмдэглэл, ярилцлагыг маань буулгаж, хөрвүүлж өгч байгаа нь хэчнээн сайхан билээ дээ. Гэвч тэмдэглэл хөтлөх үйл явцад бид гол санааг ялгаж, анхаарал татсан үг, өгүүлбэрийг таньж, зөрүүтэй мэдээлэл, үргэлжлүүлэн асуух хэсгээ тогтоох гээд толгойд өөр олон ажил явагдаж байдаг. Тиймээс энэ суурь чадвараа алдахгүйн тулд бүхнийг хиймэл оюунд даатгаж болохгүй гэжээ.
Дүн шинжилгээ хийх
Их хэмжээний өгөгдлөөс онцлох чиг хандлага, гол үзүүлэлтийг хиймэл оюуны тусламжтай хурдан гаргуулж болох ч, өөрийн туршлага, нөхцөл байдлын мэдрэмжид тулгуурлан аливааг шинжлэх нь сэтгүүлчийн өнгө төрхийн нэгэн хэсэг. Тэр дундаа ямар мэдээлэл чухал, аль нь хамааралгүй, ямар үзүүлэлтийн цаана жинхэнэ асуудал нуугдаж байна вэ гэдгийг ялган таних нь сэтгүүлчийн ажил. Тиймээс нийтлэлийн гол өнцгийг сонгох гэж байгаа бол өгөгдлийг өөрөө шинжлэх нь илүү чухал.
Бие даан бодох
Дээрх чадварууд эцэстээ сэтгүүлчийн бие даан бодох чадвартай холбогдоно. Сэтгүүлч мэдээлэл цуглуулаад зогсохгүй түүний шинэлэг байдал, ач холбогдол зэргээр ялган таньж, үргэлжлүүлэн боловсруулдаг.
Харин мэдээллийг шинжлэх, дүн шинжилгээ хийх, нийтлэл, нэвтрүүлгийн бүтэц гаргах ажлаа хиймэл оюунаар хийлгэвэл “булчингаа” алдана л гэсэн үг. Цаашлаад удаан хугацаанд үргэлжилбэл мэргэжлийн туршлага хуримтлагдах бус, аажмаар буурах эрсдэлтэй гэдгийг судалгаанд өгүүлжээ.
Илүү сайжруулах шаардлагатай ур чадварууд:
Судалгаанд оролцогчид хиймэл оюуны эринд технологийн шинэ чадвар эзэмшээд зогсохгүй мэргэжлийн уламжлалт ур чадваруудаа шинэ түвшинд хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. Үүнд:
Мэдээллийг шүүн тунгаах
Хиймэл оюунаар гаргасан аливаа хариулт өөрийн таамаглалтай нийцэж байсан ч, түүнд эргэлзэж, өөр эх сурвалжаас шалгах чадвар улам чухал болно. Сэтгүүлч зөвхөн мэдээлэл зөв эсэхийг бус, түүнд ямар байр суурь орхигдсон, тухайн мэдээлэл мэргэжлийн сэтгүүл зүйн шалгуур хангаж байгаа эсэхийг үнэлж, дүгнэх хэрэгтэй.
Өөрийн өнгө аястайгаар найруулан бичих
Хиймэл оюун мэдээллийг эмхэлж, стандарт бичвэр гаргаж чаддаг болсон энэ цаг үед хүний бичсэн бүтээл ялгарахын тулд өөрийн дуу хоолой, өнгө аяс, найруулгын онцлог ур чадвар улам чухал болно.
Редакторлах ур чадвар
Баримтын үнэн зөв байдал, логик холбоо, улс төр, нийгмийн мэдрэмж гээд аливаа бичвэрийг редакторлах арга зүйн үүднээс давхар шалгах хэрэгцээ нэмэгдэж байна. Технологи хөгжих тусам энэ ур чадвар өндөр шаардлагатай болох нь эргэлзээгүй.
Утга учрыг тайлбарлах болон storytelling
Мэдээж өгөгдлийн цаана ямар хүмүүс, учир шалтгаан, үр дагавар байгааг технологи хэлж өгч чадахгүй. Олон эх сурвалж, баримт, ажиглалтыг хооронд нь холбож, итгэлтэй, сонирхолтой түүх өгүүлэх нь сэтгүүлчийн ажил хэвээр үлдэнэ. Түүнчлэн уншигч, үзэгчдэд үйл явдлын учир шалтгааныг нарийвчлан тайлбарлах нь юугаар ч орлуулшгүй чадвар билээ.
Хиймэл оюун ашиглах
Хиймэл оюуны ямар хэрэгсэл ямар ажилд тохирох, өөр өөр загварууд юугаараа ялгаатай, тэдний өгөгдлийн эх сурвалж, хязгаарлалт, алдаа гээд технологийн хувьд олон талаас нь харьцуулж, ойлгох шаардлагатай. Тэгж чадвал илүү үр дүнтэй ашиглах нөхцөл бүрдэнэ.
Мөн ёс зүйн асуудлыг орхигдуулж болохгүй. Хиймэл оюуныг ямар тохиолдолд хэрэглэснээ ил тод мэдээлэх, өөрийн бүтээл мэт танилцуулахгүй байх, баталгаагүй мэдээлэл түгээхгүй байх зэрэг ёс зүйн хязгаарууд бий.
Уг судалгаагаар хиймэл оюун сэтгүүлчдэд туслахын үүрэгтэй байна уу, эсвэл сэтгүүлчийн өмнөөс шийдвэр гаргаж байна уу гэдгийг харахыг зорьсон гэжээ. Сэтгүүлч асуултаа өөрөө тодорхойлж, эх сурвалжтайгаа өөрөө харилцаж, мэдээллээ шалгаж, эцсийн бүтээлдээ хариуцлага хүлээж байвал хиймэл оюун нь мэргэжлийн туслах хэрэгсэл гэж үзнэ.
Харин юу судлах, хэнээс асуух, мэдээллийн ач холбогдол, эрэмбийг тодорхойлох зэргээ хиймэл оюунд даатгавал сэтгүүлчид машины гаргасан бүтээгдэхүүнийг дамжуулагч төдий болж хувирах тул цаашид технологийн хийж чадахгүй зүйлсийг илүү сайн хийхэд төвлөрөх хэрэгтэйг сануулжээ. Бас бичих, бодох, харьцуулах булчингаа ажиллуулж байхгүй бол олон жилийн хэрээр туршлага нэмэгдэх бус буурна гэснийг мартаж боломгүй.




