Өнгөрсөн долоо хоногт Meta компанийн Facebook, Instagram платформ нь хүүхдийн аюулгүй байдалд хохирол учруулсан гэх нэхэмжлэлийг хэлэлцэж тус компаниас АНУ-ын муж, харьяа нутаг дэвсгэрүүдэд нийт 18 тэрбум ам.доллар төлөх тохиролцоонд хүрлээ. Анхны нэхэмжлэлийг 2023 онд нийт 29 муж гаргаж, тус компанийг хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах Холбооны болон мужийн хууль тогтоомжийг олон удаа зөрчсөн гэж буруутгасан юм.
Энэ хүрээнд 18 тэрбум ам.доллар төлөхөөр болсон нь хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой шүүхийн маргааны хүрээнд Meta компанийн өнөөг хүртэл төлөхөөр болж буй хамгийн өндөр дүн юм.
Төлбөрийн тохиролцооноос гадна Meta компани цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглээний хугацааг хязгаарлах, шөнийн цагаар ашиглах боломжийг хаах зэрэг дараах арга хэмжээг авах үүрэг хүлээв.
- Хүүхдийн хаягт Facebook болон Instagram-ын нийт хэрэглээ нь өдөрт 2 цаг байх хязгаарыг анхдагч тохиргоогоор тавина. Өсвөр насны хүүхдүүд эцэг, эхийн зөвшөөрлөөр энэ тохиргоог өөрчилж болно.
- Өсвөр насныхны профайл дахь лайкын тоог нууна.
- Хичээлийн өдрүүдэд 08:00-15:00 цагийн хооронд мэдэгдлийг хаах “сургуулийн горим” нэвтрүүлнэ.
- Өсвөр насны хэрэглэгч тасралтгүй 15 минут ашигласны дараа сануулга өгнө. Дараа нь нийт хэрэглээ 60 болон 90 минут хүрэхэд дахин мэдэгдэнэ.
- Алгоритмын удирдлагагүй feed сонгох боломж олгоно.
- Видео болон бусад контентыг автоматаар тоглуулах тохиргоог унтраах боломж олгоно.
- Нүүр будалт санал болгодог филтерүүдийг ашиглах боломжгүй болгоно.
Энэхүү тохиролцоонд ороогүй мужуудын нэг нь Нью Мексико юм. Өнгөрсөн сард тус мужийн шүүгч Meta-гийн эсрэг шийдвэр гаргаж, компанийг агаарын бохирдолтой адилтгахуйц “нийтийн эрх ашигт хохирол учруулагч” гэж үзэн нийт нэг тэрбум орчим ам.долларын торгууль төлөхийг үүрэг болгосон.
Энэ бүхнээс анхаарал татаж буй нэг зүйл нь Meta хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хангалттай анхаараагүй, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа явдал юм. Харин шүүхийн маргаанууд нь их хэмжээний төлбөр төлөхөөр тохиролцох, платформдоо тодорхой өөрчлөлт хийх, цаашид учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах хэлбэрээр шийдэгдэж байна.
Энэ талаар Tech Policy хүрээлэнгээс технологийн бодлого, эрх зүйн шинжээчдийн дунд сонирхолтой хэлэлцүүлгийг өнгөрөгч баасан гарагт цахимаар өрнүүллээ. Оролцогчид Meta-ийн авах арга хэмжээ нь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад бодитой нөлөө үзүүлэх үү гэдгийг ярилцаж, хариуцлага тооцох чухал алхам болсон ч асуудлын үндсийг бүрэн шийдвэрлэж чадаагүй гэв.
Алгоритм болон бизнесийн үндсэн загвар өөрчлөгдсөнгүй
Knight-Georgetown Institute-ийн Гүйцэтгэх захирал Алисса Күүперийн үзэж буйгаар тохиролцооны хүрээнд орхигдуулсан хамгийн том асуудал нь платформын алгоритм юм. Meta өсвөр насныханд алгоритмаар эрэмбэлээгүй, он цагийн дараалалтай feed сонгох боломж олгох ч үүнийг анхдагч тохиргоо болгохгүй.
Хэрэглэгчийн сонирхол, зан төлөвт тулгуурлан контент санал болгодог алгоритм нь хүмүүсийг платформд аль болох удаан байлгаж, сурталчилгааны орлогыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Энэ нь хүүхдийг сэтгэл хөдлөл өдөөсөн контентын төгсгөлгүй урсгалд оруулж, өөрийгөө бусадтай байнга харьцуулах, цаашлаад сэтгэл зүйн бусад эмгэгийг нэмэгдүүлэх суурь шалтгаан болдог гэж шинжээчид үзэж буй.
Өөрөөр хэлбэл, тохиролцоогоор хүүхдийн платформд өнгөрүүлэх хугацааг хязгаарласан ч тухайн хугацаанд ямар алгоритмын нөлөөнд байхыг үндсээр нь өөрчилсөнгүй.
Анхдагч тохиргоонд өөрчлөлт оруулахын оронд сонголт өгч байгаа нь хангалтгүй
Өсвөр насныханд алгоритмын нөлөөгүй feed сонгох, видеог автоматаар тоглуулахыг унтраах боломж олгох нь эерэг өөрчлөлт мэт харагдана. Гэвч хэрэглэгч өөрөө тохиргоогоо солих шаардлагатай бол цөөн хүн л үүнийг хийдэг нь өмнөх судалгаа, туршлагаас харагддаг гэж Алисса Күүпер тайлбарлав. Бид үнэндээ ашигладаг аппликейшн бүрийнхээ тохиргоог тэр бүр нягталж, ухамсартайгаар шийддэг билүү?
Хариуцлагыг эцэг эхэд шилжүүлэв
Tech Justice Law-ийн гүйцэтгэх захирал Митали Жайн эцэг эхийн хяналтыг нэмэгдүүлсэн нь хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах хариуцлагыг платформ өөрөөсөө холдуулж буй хэрэг гэв.
Эцэг эхчүүд хэрэглээний хугацаа болон зарим тохиргоог удирдах боломжтой болох ч платформын нарийн ажиллагаа, алгоритмын нөлөө, хүүхдэд хүрч буй контентын эрсдэлийг бүхэлд нь хянах боломжгүй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эцэг эхийн хяналтын хэрэгслүүдийн бодит хэрэглээ, үр нөлөө ч хангалтгүй байсныг тэрээр дурджээ.
Аудит хийх ч хүүхдүүд илүү аюулгүй болсон эсэхийг хэмжих үү?
Meta тохиролцооны үүргээ биелүүлж буй эсэхэд хөндлөнгийн аудит хийхээр болсон. Гэвч аудитын үр дүн олон нийтэд нээлттэй байх эсэх, мөн хүүхдэд учрах бодит хор нөлөөг ямар шалгуураар хэмжих нь тодорхойгүй байна.
Эмори их сургуулийн хуулийн профессор Мэттью Лоуренсийн хэлж байгаачлан аудитор Meta нас баталгаажуулах тогтолцоо нэвтрүүлсэн үү, хэрэглээний хугацааны хязгаар тавьсан уу гэдгийг шалгаж болно. Харин эдгээр өөрчлөлтийн дараа хүүхдийн хяналтгүй хэрэглээ буурсан уу, сэтгэл зүй, нойр болон анхаарал төвлөрөлд нь өөрчлөлт гарсан уу гэдгийг хэмжих эсэх нь тодорхойгүй.
Тиймээс “Meta тохиролцооны заалтуудыг хэрэгжүүлсэн үү?” гэж асуух нь хангалтгүй. Харин “хэрэгжүүлсний дараа хүүхдүүд үнэхээр илүү аюулгүй болсон уу?” гэдэг нь гол хэмжүүр болох ёстой гэж шинжээчид үзэв.
Энэ бол шийдэл биш эхлэл
Шинжээчид Meta-гийн уг тохиролцоог эцсийн үр дүн гэж үзэхгүй байна. Яг л тамхины компаниудтай бодитой хариуцлага тооцох хүртэл олон арван жилийн судалгаа, шүүхийн маргаан, иргэний нийгмийн идэвх, зүтгэл шаардлагатай байсантай адил технологийн компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал нэг л өдөр бүрэн шийдэгдэхгүй.
Тиймээс энэ үйл явдалд 18 тэрбум ам.долларын дүнгээс илүүтэйгээр энэхүү тохиролцоо платформын загварчлал хүүхдэд хохирол учруулж болохыг хүлээн зөвшөөрүүлж, түүнийг хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд өөрчлөх боломжтойг харуулсан нь илүү чухал ач холбогдолтой гэлээ. Одоо эдгээр өөрчлөлт бодит үр дүнд хүрэх эсэх нь ил тод аудит, зөв хэмжүүр болон Meta-гийн бизнесийн үндсэн загварт цаашид хариуцлага тооцож чадах эсэхээс шалтгаална.




