Жил бүр зохион байгуулагддаг The Media Show арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 21-нд болох гэж байна. The Media Show санаачилга нь медиа салбарт чин эрмэлзэлтэй, сахилга баттай, мэргэжлийн соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн эрүүл экосистемийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгодог.
Анх The Media Show подкастаар эхэлсэн уг санаачилга жил бүрийн намар хэвлэл мэдээлэл, медиа салбарынхан болон медиаг ойлгох, суралцах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд зориулсан The Media Show арга хэмжээ болж өргөжин тэлж байна. Тэр дундаа салбарын мэргэжилтнүүд хийсэн бүтээснээ хуваалцдаг, алдаж оносон туршлагаа илэн далангүй ярилцдаг, цаашдын хөгжил, шинэ санаа, урам зоригоо хөглөдөг индэр болон хөгжиж буй.

Дөрөв дэх удаагийн арга хэмжээнд уламжлал ёсоор “Урам зоригийн индэр”, “PechaKucha” хэсэгт медиа старт-апаа эхлүүлсэн түүх, хэрхэн тогтвортой бүтээгдэхүүн хөгжүүлэв, шинэ төрөл зүйлийг нэвтрүүлэх гэсэн оролдлого нь ямар замыг туулав гэхчлэн гол төлөв залуу, шинэ төлөөллүүд хийж, бүтээснээ хуваалцана.
Мөн энэ жилээс “Дуэт & Дуэль” гэсэн шинэ хэсэг нэмэгдэж буй бөгөөд нэг сэдвийн хүрээнд хоёр зочин хөөрөлдөх гэнэ. Энд хиймэл оюуны ёс зүй, уламжлалт мэдээ хэрхэн бүтдэг вэ, түүний үнэ цэн болон контент бүтээгч ба сэтгүүлчид хорших боломжтой юу гэхчлэн сонирхолтой сэдвээр ярилцах юм.
Харин энэ жилийн гол хэлэлцүүлэг хамгийн их анхаарал татаж буй хэвлэл мэдээллийн санхүүжилтийн асуудлаар шийдэл тойрч ярилцахаар зочдоо урьжээ.

Медиа экосистемийн олон асуудал, тэр дундаа санхүүжилт, бизнес загварын асуудал сүүлийн үед нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болсоор буй. Энэ нөхцөлд “The Media Show” нь зөвхөн салбарын асуудлыг хэлэлцэхээс гадна бодитоор хэрэгжүүлсэн ажил, амжилттай болон амжилтгүй болсон туршлага, бүтээлч шийдлүүдийг хуваалцдагаараа онцлог билээ. Тиймээс нэг өдөр цуглан ажил бүтээл болон алдаа оноогоо дэлгэн ярилцаж, шийдэл эрэлхийлсэн туршлагаа хуваалцах нь хэн бүхэнд өгөөжтэй, сургамжтай байх болов уу.
Мөн “The Media Show” арга хэмжээ нь оюутан залуус, залуу мэргэжилтнүүд төдийгүй хэвлэл мэдээллийг ойлгоё гэсэн хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлчид, контент бүтээгчид, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд гэхчлэн олон талт оролцогчид нэгэн танхимд цуглаж, бие биетэйгээ танилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа ч эхлүүлэх цэг нь болдог билээ.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүйтэй танилцахыг хүсвэл доорх эвентэд нэгдэж, мэдээллийг цаг тухайд нь аваарай. Байршил болон тасалбарын мэдээлэл тун удахгүй эвентэд зарлагдана.




