Английн Press Gazette төвөөс есдүгээр сарын 10-нд Future of Media Technology Conference-ийг зохион байгуулжээ. Уг хуралд The Economist-ийн Ерөнхий захирал Эндрю Палмер, Politico UK-ийн Ерөнхий менежер Кэти Палисоул, Reuters Institute for the Study of Journalism-ийн захирал Митали Мукержи зэрэг дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээлэл, судалгаа, технологийн байгууллагын удирдлагууд илтгэгчээр оролцсон бөгөөд Reuters-оос сэтгүүл зүйн ирээдүйтэй холбоотой 5 онцлох санааг тэмдэглэснийг хуваалцаж байна.
Хүлээн авагчидтайгаа харилцах арга барилаа эргэн харах шаардлагатай
Хиймэл оюуны хайлт болон бусад олон шалтгааны улмаас веб хуудсын хандалт огцом унах болсон. Ийм үед уншигч, үзэгчдээ хэрхэн тогтоон барих вэ гэдэг хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудал болоод буй. Энэ цаг үед хандалт гэх тоон үзүүлэлтээс илүү хүлээн авагчидтайгаа эргэх холбоотой, итгэлтэй харилцаа тогтоох нь чухал болж байна.
The Guardian-ийн үзэж байгаагаар аппликейшн татаж авах, сайтад зочилсон давтамж болон товхимолд бүртгүүлж байгаа тоо нь илүү ач холбогдолтой үзүүлэлт болжээ. Мөн хүлээн авагчдадаа эрхэм зорилго, үнэт зүйлээ ойлгуулж чадвал байнгын холбоо тогтоох, танай сайтад эргэн ирэх сэтгэл зүйн холбоос бий болно. Гэхдээ энэ нь дангаараа хангалтгүй бөгөөд үүнээс гадна хэрэглэгчдэд бодитоор үнэ цэн өгөх, өдөр бүр унших, үзэх дадал зуршил бий болгоход анхаарах хэрэгтэй гэв.
Редакцууд дотооддоо контент бүтээгчдийг “бойжуулж” байна
Хэвлэл мэдээллийн салбарт чөлөөт сэтгүүлчид болон контент бүтээгчдийн өрсөлдөөн нэмэгдэж байна. Жил бүр танилцуулдаг Reuters-ийн судалгааны тайланд ч залуу хүлээн авагчдын мэдээлэл олж авч буй гол суваг нь хэдийн контент бүтээгч болсон гэдгийг онцолж байгаа. Тэгвэл уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд итгэлцэл, нэр хүнд, тогтвортой орлогоо хадгалахын зэрэгцээ контент бүтээгчдэд түшиглэсэн шинэ арга барилыг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлох сэдэв байжээ.
Тухайлбал, The Economist сэтгүүл олон арван жилийн турш авторын нэр тавьдаггүй уламжлалтай явсаар ирсэн. Харин сүүлийн үед сэтгүүлчдийнхээ нүүр царай, нэр, хувь хүний онцлогийг үнэ цэн хэмээн харах болсон. The Economist-ийн Ерөнхий редактор ч сэтгүүлчдийгээ нийгмийн сүлжээнд бүтээлээ хуваалцах, хүлээн авагчидтайгаа харилцахыг дэмжих бодлого баримталдаг болсноо дурдсан удаатай.
Английн The Times болон The Sunday Times сонины редакц ч бас “Манай сониныг захиалах талаар сэдэл төрүүлэх нь чухал. Үүний тулд сэтгүүлчдээ камерын өмнө гаргах буюу сошиал видео бүтээж, хэрэглэгчидтэйгээ илүү их харилцах ёстой болсон” гэв. Энэ жишгээр The Guardian ч бас арга барилаа өөрчилж контент бүтээх Guardian Studios байгуулснаа зарлаад удаагүй байна. Тэд YouTube-ийн шинэ цуврал нэвтрүүлгүүд бүтээхээр зорьж буй.
BBC Studios-ийн Дэд ерөнхийлөгч Жасмин Доусон контент бүтээгчдээс суралцах гол зүйлсийн нэг нь үзэгч, уншигчдаа гүнзгий ойлгох явдал гэж онцлон тэмдэглэжээ. Учир нь, тэд үзэгчдийнхээ ертөнцөд “амьдарч, амьсгалдаг”. Тэдний зөвхөн хаана байгааг мэдэх бус тэд юун тухай ярилцахыг, сонсохыг хүсэж байна гэдгийг мэдэх нь хамгийн чухал гэсэн байна.
Хиймэл оюуны хайлтаас ирэх “click” шинэ хэмжигдэхүүн болж байна
Google-ийн AI Overviews болон AI Mode бий болсноор веб хуудаснууд руу дарж орох хэрэглэгчийн тоо үлэмж буурсныг бид бэлхнээ мэднэ. Гэвч хиймэл оюуны хайлтын “тоглоомын дүрэм” нь тодорхойгүй байгаа буюу хайлтын үр дүнгийн эхэнд яг юу гарч байгааг хэн ч мэдэхгүй байгаа учраас түүнд зориулсан оновчлолын стратеги гаргах нь бэрхшээлтэй байна.
Гэсэн хэдий ч медиа компаниуд энэ талбарт төрөл бүрийн туршилт хийсээр байна. Учир нь хэрэглэгчид хиймэл оюуны платформоос мэдээлэл хайж, итгэдэг медиа брэндүүдээ тодорхойлж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй асуудал гэдэг дээр санал нэгджээ.
Контент ба түүний мөнгөн үнэ цэн
Сэтгүүл зүйн мөнгөн үнэ цэн хэд вэ? Хэрэглэгч яагаад үүнд мөнгө төлөх ёстой вэ гэдэг хурлын үндсэн асуултуудын нэг байв. Хэрэглэгчдийг мэдээнд мөнгө төлөхийг ятгахын тулд редакцууд хийж буй бүтээлийнхээ давтагдашгүй үнэ цэнийг нарийн тодорхойлох, харуулах шаардлагатай.
Жишээ нь, Politico UK-ийн хувьд төлбөргүй хэрэглэгчдээ бүртгэлжүүлснээр хүлээн авагчийн дата хангалттай цуглуулж, тэднийг илүү ойлгож, төлбөртэй хэрэглэгч болох замналыг нь нарийн тодорхойлох боломжтой болжээ.
Мөн хэрэглэгчээс гадна хиймэл оюуны платформуудтай хамтран ажилласнаар эдийн засгийн ямар үр өгөөж бий болгох вэ гэдэг орхиж болохгүй сэдэв. News UK-ийн зүгээс платформуудад лиценз олгох, гэрээ байгуулж түншлэх, хамтран ажиллах болон хууль, эрх зүйн зохицуулалтаар дамжуулан эдийн засгийн харилцаа бий болгох боломжтой гэжээ.
Хиймэл оюуны эринд цахим товхимол (newsletter) үнэ цэнтэй хэвээр байна
Сэтгүүл зүйн ирээдүйн тухай хурлын үеэр бүх панел хэлэлцүүлгийн явцад “ялагч” болсон нэг бүтээгдэхүүн байсан нь товхимол байлаа. Энэ нь уншигчидтай холбогдох харилцааг гүнзгийрүүлж, платформын алгоритмаас хараат байдлыг бууруулдаг бусдаас ялгарах бүтээгдэхүүн гэж тодорхойлжээ. Хурлын үеэр олон редакц товхимолд хөрөнгө оруулснаа дурдаж, бусад эх сурвалжаас дамжин ирэх хандалт буурч байгаа энэ цаг үед хэрэглэгчидтэйгээ шууд харилцах гол суваг гэсэн байна.
Канадын бизнес, технологийн The Logic медиагийн хувьд товхимол анхнаасаа тэдний гол бүтээгдэхүүн байжээ. Өнгөрсөн хугацаанд тэдний сурталчилгааны орлого буураагүй, харин ч өсөж байгаа гэв. Тэд товхимлоо редакцынхаа премиум бүтээгдэхүүн гэж үздэг төдийгүй сэтгүүлчдийнхээ тусгайлан бичдэг өдөр тутмын товхимлыг сонины нүүр хуудастай дүйцүүлэн үздэг. Уншигчидтайгаа ингэж шууд харилцаатай байж, анхнаасаа бизнесээ аль нэг алгоритм дээр тулгуурлан байгуулахгүй гэдгээ эрт шийдсэн нь өнөөдрийн амжилтын суурь гэж тодотгожээ.
Politico Playbook бол амжилттай товхимлын бас нэг жишээ. Тэд мөн л үзэгч, уншигчидтайгаа маш сайн холбоотой ба уншигчид нь яг хэн болох, бүтээгдэхүүнээс юу хүсдэгийг маш сайн мэддэг. Playbook-ийг Ерөнхий сайд, кабинетын сайд гэх мэт яг тодорхой уншигчийг бодож бичдэг, гэхдээ тэднийг албан тушаалтан биш хүн гэж бодож, өрөөнийх нь нөхөр шиг сахилгагүй, хошин аястай бичдэг нь гол нууц нь гэжээ.




